Нүүр ХуудасСоёл, боловсрол>Үкиё-э буюу модон бараар хэвлэсэн зургийн тухай лекц, үзүүлбэр арга хэмжээ боллоо

 

Үкиё-э буюу модон бараар хэвлэсэн зургийн тухай лекц, үзүүлбэр арга хэмжээ боллоо

 

 

  10 дугаар сарын 16, 17, 18-ны өдрүүдэд Үкиё-э буюу модон бараар хэвлэсэн зургийн тухай лекц, үзүүлбэр арга хэмжээг Япон улсаас Монгол улсад суугаа Элчин сайдын өргөө, Хаан банкны “Улаан гэр” галерей, Соёл урлагийн их сургууль дээр тус тус зохион байгууллаа. Уг арга хэмжээний ерөнхий зохион байгуулагчаар Уламжлалт модон барын арга барилыг хадгалах “Адачи” сан, хамтран зохион байгуулагчаар Япон улсаас Монгол улсад суугаа Элчин сайдын яам, ивээн тэтгэгчээр Хаан банк болон Япон сан оролцов.

Энэ жил, Япон улс, Монгол улсын хооронд соёлын солилцооны хэлэлцээр байгуулагдсаны 40 жилийн ой, мөн уг арга хэмжээний ерөнхий зохион байгуулагч “Адачи” сангийн 20 жилийн ой давхацсан тэмдэглэлт ойн жил болж байна. Энэхүү тэмдэглэлт ойг тохиолдуулан Японы үкиё-э зургийг уламжлалт модон бараар хэвлэх арга барилын танилцуулга болон бодитоор хэвлэх үзүүлбэрийг Монголд анх удаа зохион байгуулсан ба энэ гурван өдрийн үзүүлбэрийг олон хүмүүс үзэж сонирхлоо. Арга хэмжээний үеэр уран бүтээлч Кацүшика Хокүсайн бүтээл “Канагавагийн агуу давалгаа”-г бодитоор хэвлэн үзүүлсэн бөгөөд хүрэлцэн ирсэн хүмүүс үкиё-э зургийн хэвлэх явцыг шимтэн сонирхож байв.

Ялангуяа 17-ны өдөр Хаан банкны “Улаан гэр” галерейд зохион байгуулсан арга хэмжээний үеэр маш олон хүн ирж, үзүүлбэрийн дараа дүрслэх урлагийн чиглэлээр суралцаж буй оюутнууд болон уран зураг сонирхогчид олон асуулт тавьж байлаа. Мөн үзүүлбэрийн үеэр сонирхон ирсэн хүмүүст үкиё-э зургийг хэвлэхэд ашигладаг “барэн” гэх хэрэгсэл болон бодитоор хэвлэсэн “Канагавагийн агуу давалгаа” үкиё-э зургийг гараараа барьж, Японы уламжлалт соёлыг биеэрээ мэдрэх боломж олдсон юм. Энэхүү Үкиё-э буюу модон барааар хэвлэсэн зургийн тухай лекц, үзүүлбэр арга хэмжээ нь олон нийт, мэргэжлийн зураачид болон СУИС-ийн модон бар, зураасан зургийн ангийн оюутнуудад зориулан зохион байгуулсан бөгөөд нийт 120 хүн оролцсон байна.

 



Тайлбарлагч Мэгүри Накаяма

Хэвлэгч Ёшио Кёосо

Үзүүлбэрийн үеэр



Үзүүлбэрийн үеэр

Хаан банкны "Улаан гэр" галерей дэхь үзүүлбэр

СУИС дахь үзүүлбэр

Хаан банк дахь үзүүлбэрийг сонирхохоор ирсэн хүүхдүүдтэй хамт